Монголын “за”тангараг болой

Монголын “за”тангараг болой

МУИС-ын багш доктор, дэд профессор Л.Чулуунбаатарын монгол бичгийн хичээл сайт дээр бичсэн зүйлийг та бүхэнд хүргэж байна.

Монголчууд аливаа зүйлийг зөвшөөрөх, биелүүлэхээ амлахдаа за гэж хэлдэг. Тийм болохоор л амласныхаа дагуу заавал хийж гүйцэтгэнэ хэмээх утгыг илтгэх “за гэвэл ёогүй”, юм хийхдээ эргэлздэг, хариулт өгч чаддаггүй, бөөрөнхий хүнийг илтгэх “за ч үгүй ёо ч үгүй” хэмээх хэлцүүд гарсан байна. Нэрт эрдэмтэн академич Б.Ринчин нэгэн цагт “Монголын за андагар буй за” хэмээх өгүүлэл бичиж байсан билээ. Хэдийгээр энэ өгүүлэл хэлний орчуулгын талаар боловч орчуулна хэмээн за гэж хэлсэн бол тэр ёсоор зөв сайхнаар орчуулж тангаргаа биелүүл хэмээсэн утгатай өгүүлэл юм. Андагар хэмээх нь андгай, тангараг хэмээсэн утгатай үг бөгөөд тэгвэл за хэмээх нь тангараг хэмээсэн утгыг илтгэн байгаа хэрэг юм. Эх орноо хамгаалах эр цэргийн алба хаахдаа бид тангараг өргөдөг. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд сурсан эрдэмээ зориулахдаа эмч нар тангараг өргөдөг. Улсын их хуралд сонгогдогсод гишүүн болж төрийн эрх барилцах болохоороо эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, хүч авьяасаа бүрэн зориулж дандаа за гэж хэлнэ хэмээн тэд тангараг өргөдөг. Мөн тэд сонгуульд өрсөлдөж байхдаа дандаа за гэж хэлсээр гарч ирдэг. Тэгэхлээр тангараг өргөсөн хүн гэдэг бол дандаа за хэмээн хэлж тэр хэлсэнээ биелүүлж байх ёстой гэсэн үг байна. Гэвч монгол үндэстэн, монголын ард түмний эрх ашгаас нүүр буруулсан за-г за биш болгосон нэгэн үйлдэл одоогоос 19 жилийн өмнө болсон билээ. Энэ нь 1994 оны УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн өдөр баталсан 66-р тогтоол юм.
1991 онд олон нийтийн эрчимтэй хөдөлгөөн, монголын эх оронч дэвшилт сэхээтнүүдийн чармайлт зүтгэлээр албан хэргийг 1994 оноос монгол бичгээр хөтлөн явуулах 36-р тогтоолыг Улсын бага хурлын ухаалаг эрхэм гишүүд гаргасан билээ. Үүний дагуу БНМАУ-ын засгийн газар 1991 оны 6-р сарын 21-ны өдөр “БНМАУ-д албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах тухай” 186-р тогтоол гаргав. 1992-1993 онд монгол бичгийн сургалтын талаар албан даалгавар гаргасан байна. Эдгээр тогтоолыг биелүүлэхэд чиглэсэн ажил бүх аймаг, хот, суманд өрнөж, орон нутагт монгол бичгийн сургалт явуулах, албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл хангах асуудлаар аймаг, хот, сумын засаг даргын тамгын газраас тогтоол шийдвэр гаргаж, комисс байгуулж, орон нутгийн сургууль, боловсролын байгууллагын хүчинд тулгуурлан нэлээд ажил өрнүүлж эхэлжээ. Олон аймагт монгол бичгийн сургалтын төв байгуулагджээ. 1990-1994 оныг хүртэлх 4 жилийн дотор Улсын хэмжээгээр бүрэн бус мэдээгээр, 6 мянга орчим хүнд монгол бичгийн бичээч, монгол албан бичиг хэргийн эрхлэгч, эх зохиогч мэргэжил эзэмшүүлэн, олон мянган багшийн мэргэжлийг дээшлүүлжээ. Мөн, 30 гаруй төрлийн номыг 200 мянган хувь хэвлүүлж, монгол бичгээр 4 сонин тогтмол гарч, нэлээд хэдэн сонин монгол бичгийн булан нээжээ. Түүнчлэн, манай их, дээд сургуулиудад монгол бичгийг тусгай хөтөлбөрөөр зааж эхэлсэн ба насанд хүрэгчдийн 62,2 хувь нь ямар нэг хугацааны сургалтанд хамрагджээ. Бас ерөнхий боловсролын сургуулийн 1-3 дугаар ангийн 200 мянга гаруй сурагч монгол бичгээрээ хичээллэдэг болж, тэдэнд хичээл заадаг олон мянган багш бэлтгэгджээ. Үүний хамтаар аж ахуйн байгууллагуудын шугамаар 2 мянга орчим монгол бичгийн машин гадаадаас авч, Япон Улсад 60 мянган ширхэг цагаан толгой, 30 мянган ширхэг толь бичиг хэвлүүлсний дээр БНСУ 200 мянган америк долларын үнэ бүхий ном, сурах бичиг, гарын авлага хэвлүүлж, олон арван хувилагч машин бэлэглэсэн байна. Тайваниас 200 мянган ширхэг монгол бичгийн ном, сурах бичиг хэвлүүлж ирүүлсэн бөгөөд цаашид ч туслахаар болоод байв. Японы Шаохакү нийгэмлэг 6500 америк долларын үнэтэй ном хэвлүүлж ирүүлсэн ба ЮНЕСКО-гоос монгол бичгийг компьютержүүлэх асуудлаар Олон улсын семинар хийхэд бүх зардлыг гарган зохион байгуулж, монгол бичгийн хэвлэлийн техник, технологи авахад зориулан 22 мянган америк долларын тусламж үзүүлсэн ба Японы Засгийн газраас монгол, орос, латин гурван бичгийн 1000 ширхэг цахим бичвэр /компьютер/ тусламж болгон илгээжээ. Энэ бүхнийг мөнгөөр илэрхийлбэл, хэдэн зуун саяар үнэлэгдэх атал үндсэндээ Монгол Улсын төсвөөс хөрөнгө гаргалгүйгээр, дэлхийн соёлт хүмүүсийн тусламжаар монгол бичиг сэргэх ажил ихээхэн өөдрөг урагштай явж байсан юм.
Засгийн газрын тогтоолын дагуу болон нэрт сэтгүүлч Т.Галдангийн санаачлагаар монгол улсад цор ганц “Хүмүүн бичиг” хэмээх сониныг МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал Ч.Эрдэнийн 66 тоот тушаалаар уг агентлагийн харьяанд байгуулснаас хойш одоо хүртэл тасралтгүй хэвлэгдсээр байна. Гэвч 1993 оноос сургалтын эрч нь саарч эхэлсэн байна. Хамгийн түрүүнд монгол бичгээр сургалт явуулж байгаа сурагчдын эцэг, эх, тэд нарт зааж байгаа багш нараас эсэргүүцэл гарч эхэллээ. Монгол бичгээ байтугай эх түүхээ мэдэхгүй европжсон соёлт залуу эцэг эхчүүд хүүхдэдээ тусалж чадахгүйн бухимдал, үсэг нүдлүүлэх хялбар аргад дасаж сурсан, үеийн аргаар сургадаг уламжлалт аргыг мэдэхгүй багш нарын залхуурал нэгдэн нийлж монгол бичгийг муучлахын эхийг тавив. Үүнийг уухайн тас шүүрэн авч Монголын ардчилсан хүчний болон тэр үеийн МАХН-ын сонинууд монгол бичгийг сэргээхийн эсрэг компани дэгдээж дөчөөд оныг давтаж эхэлсэн юм. Энэ тухай “Ил товчоо” сонинд Чех улсын монголч эрдэмтэн Давид Лукаш “Одоогийн монголын сэхээтнүүд түүний дотор оппозиц хүчний сэхээтнүүдийн олонх нь орос дунд сургуулиар дамжиж, ЗХУ агсанд дээд боловсрол олсон, коммунист номенклатурын хүүхдүүд мөн нь нууц биш. Тэд нэгэнт эх хэл, эх соёлоосоо бүрэн таслагдсан учраас дуудлага бичлэгийн зарим зөрөөтэй /англи, франц шиг их дөрөөтэй биш/ болсон монгол бичгийг сурахаас үнэнхүү бэрхшээж монгол бичгээ сэргээх байтугай харахыг ч хүсэхгүй байна. Монгол бичгийн эсрэг тэдний дэгдээж байгаа компанийг Сталин, Чойбалсангийн ачаар эрдмийн өндөр зэрэгтэй болж авсан хуучинсаг үзэлтэй зарим хүн өдөөн дэвэргэж, засгийн эрхийг баригч коммунист МАХН чимээгүйхэн сахал дотроо битүү инээмсэглэн харж байна” хэмээн бичиж байв.
Одоогийн бидний шимтэн сураад байгаа англи хэлний үгсийн сангийн 76 хувь нь
дуудлага бичлэг зөрүүтэй байдаг бол монгол бичгийн хэл болон орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн 30 хүрэхгүй хувь нь дуудлага бичлэг зөрүүтэй байдаг болой. Тэгээд нэг үгийг олон янзаар бичдэг хэмээн шүүмжилдэг. Энэ нь тэр үгийнхээ утга энергийг хадгалж байдаг. Одоогийн бидний бичиж байгаа “ХҮЧ” гэдэг үгийг монгол бичгээр “ХҮЧҮ”, “ХҮЧИ” хэмээн хоёр янзаар бичдэг. Эхний “хүчү” бол аливаа зүйлд их хүч гаргах, нийтээр нэгдэж юм өргөх, морио давирах зэрэгт бид “чү” хэмээн ухайлж юмыг амархан өргөх буюу морь хүчтэй хурдан давхихад нөлөөлдөг. Харин дараагийн “хүчи” бол айраг цагааны исэлтийн хүчийг харуулдаг үг бөгөөд исч байгаа айраг цагаа аяндаа “чи”, “чи” хэмээн дуугарч байдаг бөгөөд ингэж хүч ханаж, исч гүйцсэн айргийг бид “чимчигнэсэн” айраг хэмээн нэрлэдэг нь хүчи нь ханасан айраг хэмээн нэрийдэж байгаа хэрэг юм. Ингэж үгийн хүч, энэрги нь авиатайгаа нөхцөлдөн үгийн утгаа бүрдүүлж байдаг байна. Нөгөө талаар хүч гэдэг үгийг хам сэдвээс нь утгыг ялгаж бусад хэлэнд орчуулахгүй бол дангаар нь юуны хүч хэмээн тааж орчуулахад бэрхтэй. Гэтэл монгол бичгээр байгаа хүчү-г power, strength, хүчи-г strong, sour хэмээн шууд орчуулж болно.
Мөн лам гэхийг блама гэж хачин бичдэг хэмээн улиглах нь бий. 1557 онд Харчины Аюуш гүүшийн зохиосон галиг үсгийн ачаар төвд, самгарьд болон гадаад үгнээс орсон үгсийг үсгийн галигаар бичдэг болсон бөгөөд ингэж бичсэн үг гадаад үг гэдэг нь аяндаа харагддаг. Япон хэлний гадаад үгийг тэмдэглэдэг катагана-тай адил гэсэн үг юм. Тэгэхээр блама гэж бичсэн энэ үг төвд хэлнээс орсон үг хэмээхийг яруу тод харуулж байгаа юм. Ингэхээр Монголчууд хэлний дархлаагаа хамгаалах ажлаа аль эрт 500 гаруй жилийн өмнө эхэлсэн хэрэг байна.
1941 онд кирилл бичгийг аваад сэхээтнүүд хамгийн хойрго хандаж, далдуур эсэргүүцэн байсан боловч нам төрийн хүчтэй нударгын шаардлагаар 10 жилийн дотор сурсан бол өнөөгийн монголын сэхээтнүүд бас л монгол бичгээ сэргээх шийдвэрийг эрчимтэй эсэргүүцэж ардчилсан нийгэм гэдэг үзлийн дор, нөгөө талаас угаасаа монгол сэтгэхүйгээсээ хэт холдсон учир огт ойлгохгүйгээсээ болж өөрсөд шигээ мунхарсан олныг хөөрөгдөн дагуулж монгол бичиг сэргээх компанит ажлыг төр олон нийтийн бүхий л хэрэгсэлээр эсэргүүцэн тэмцсэн юм. Энэ нь хүн амын тогтворгүй хэсэг болох залуучуудыг уруу татаж тэдний сурах эрчийг сааруулав. Мөн нөгөөтэйгүүр Улсын их хурлын зарим гишүүд латин үсгийг албан хэрэгт хэрэглэх төсөл өргөн барих зэргээр олон нийтийн анхаарлыг ихээхэн саармагжуулсан болой. “Кирилл бичиг авах үеийн сэхээтнүүдийн эсэргүүцэл бол яруу тансаг баялаг сайхан найруулгат дэлхийд хаана ч байхгүй үндэсний бичиг үсгээ гээж орхихын эсрэг бухимдал байсан. Харин энэ цагийн сэхээтнүүдийн энэ эсэргүүцэл бол залхуурал, ухаан мунхарсаны шинж хийгээд уламжлалт соёл, зан заншил, хэл сэтгэхүйгээсээ хэрхэн холдож, бие нь монгол, ухаан нь харийнх болсныг харуулсан тод жишээ болсон юм. Нөгөө талаар хуучин биднийг бүх зүйлээр хянаж байсан улс, монголчуудын үндэсний ухамсар нэн ихээр өрнөн дэлгэрэхээс эмээсэн бодлын болгоомжилсон санаа бодол ч тэднээр дамжин хэрэгжсэн нь энэ болой. Сонгуульд ялахын тулд сонгогчдоос хамгийн их оноо авах гэж үндэсний үзлийг хуурамч хөөрөгдөж байсны илрэл бас болов” хэмээн монгол бичгийн хөдөлгөөнийхөн дүгнэж байв. 1993 онд хийсэн Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг эрхлэх улсын комимссын хурлыг Монгол улсын шадар сайд асан Л.Энэбиш даргалан хийлгэж “Монгол бичиг сургах ажил үнэн чанартаа их үлбэгэр явж, төв орон нутгийн төрийн байгууллагууд жигд ажиллаж чадсангүй” гэсэн дүгнэлт хийсэн байна. Үүний дагуу 1994 оны 3-р сарын 16-нд Монгол улсын засгийн газрын Албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 64 тоот тогтоол гарав. Үүнд: Төрийн яам, газар, байгууллагуудын албан хаагчдыг 1994 онд багтаан монгол бичигт сургаж, 1995 онд төрийн албан хэргийг монгол бичгээр эрхлэх түвшинд хүртэл чадваржуулах, 16-49 насны бүх хүнийг 1995-1996 онд багтаан монгол бичигт тайлах ажлыг зохион байгуулах, зохион байгуулалт захирамжлалын баримт бичгийг стандартын холбогдох байгууллагуудтай хамтран 1994 онд багтаан боловсруулах, Ерөнхий боловсролын сургуулиудын I-IV ангийн бүх хичээлийг монгол бичгээр, V-X ангиудад нийгмийн ухааны хичээлүүдийг монгол бичгээр, бусад хичээлийг кирилл үсгээр тус тус явуулж байгааг зүйтэй гэж үзэж цаашид монгол бичиг хэрэглэх явдлыг боловсролын бүх шатны сургалтад гүнзгийрүүлэх арга хэмжээ авах, бүх сонин хэвлэлийн зарим материалыг монгол бичгээр гаргах, батлагдан гарч байгаа хуулиудыг монгол кирилл бичгээр хамт хэвлэж байх, яам тусгай газрууд батлан гаргаж байгаа нийтлэг шинж чанартай эрх зүйн актуудыг монгол бичгээр бичиж харъяа байгууллагууддаа хүргэж байх, радио, телевизын хөтөлбөр, үзвэр үйлчилгээний зарлал, улс хоорондын харилцааны нот бичиг, гэрээ хэлцэл зэргийг монгол бичгээр үйлдэж байх, 1994 оноос монгол бичгээр хөтөлж эхлэх албан бичгийн төрөл, түүний жагсаалтыг энэ оны эхний хагаст багтаан баталж холбогдох газруудад хүргүүлж мөрдүүлэх, бэлтгэлийг хангах улсын комиссын нарийн бичгийн даргыг томилж ажиллуулах зэрэг заалтуудыг тус тусын хариуцсан газарт нь даалгажээ..
Гэвч 1994 оны УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн өдөр баталсан 66-р тогтоол нь мянга гаруй жилийн түүхтэй хүн төрөлхтний соёлын өвийг уламжлан суралцах үр үндсийг эрх зүйн хувьд бүрэн тасалж түүхэнд үзэгдээгүй ихээр туйлшран өмнө за гэж баталсан тангаргаасаа няцсан юм. МУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат “Монгол бичиг нь манай ард түмний мянган жилийн оюуны соёлын их өвийг, түүгээр ч зогсохгүй Энэтхэг, Төвд зэрэг дорно дахины эртний түүхт улс түмний оюуны соёлоос ч агуулан хадгалж, хойч үедээ уламжлан өвлүүлсэн монгол түмний уламжлалт соёл иргэншлийн нэгэн гол тэнхлэг мөн билээ. Монгол бичиг бол бас латин, грек, кирил, араб бичгүүдийн хамтаар, хүн төрөлхтөний зохион хэрэглэж ирсэн авианы бичгийн нэг, энэ утгаараа хүн төрөлхтөний соёлын сан хөмрөгт бидний өвөг дээдсийн оруулсан гайхамшигт хувь нэмэр, монголчууд бидний түүх, соёлын уламжлалт зүйл оюуны өв мөн”(25) хэмээн онцлон дурьдаж хоёр удаа хориг тавиад ч дийлсэнгүй. Дашрамд дурдахад Ерөнхийлөгч П.Очирбат тэр цагт өглөө 8-аас 9 цаг хүртэл нэг сар хичээллээд монгол бичиг сурсан хэмээн ард түмний монгол бичгийн багш Төрийн шагналт, МУ-ын Гавьяат багш Ш.Чоймаа хуучилж байсан бөгөөд саяхан нэг уулзахад нь “бичдэг нь байхгүй болсноос биш уншдаг нь бол байгаа шүү” хэмээсэн гэсэн билээ. Эзэн хичээвэл нэг сард сурч болдогийн жишээ энэ буюу.
“Төрийн толгойд уламжлал, зан заншил, түүх соёл, үндэсний хэлбичиг, ард түмнийхээ ахуй амьдралыг мэдэхгүй хүмүүс гарвал ямар аюултай гэдгийг яруу тод харуулав. Улсын их хурал архичинд гаргаагүй аагаа монгол бичигт гаргалаа” хэмээн тэр үеийн монгол бичгийг дэмжигч сэтгүүлчид, үндэсний бичиг үсгийг сэргээхийн төлөө хөдөлгөөнийхөн халаглан бичиж байлаа.
Гэхдээ ард түмэн, монгол бичигт элэгтэй эрдэмтэн судлаачид, залуусын сэтгэлийг тайвшруулах мөн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийн тулд Улсын Их хурлаас уг 66-р тогтоолдоо “Уйгаржин монгол бичгийн үндэсний хөтөлбөр” боловсруулахыг Засгийн газарт даалгасан билээ. Үүний дагуу Засгийн газрын боловсруулсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг 1995 оны 6 сарын 23-ны өдрийн 43-р тогтоолоор батлан гаргажсан билээ. Түүнээс хойш олон он улиран одож хоёр ч удаагийн монгол бичгийн үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлээд, монгол бичиг гэж ярьсаар хорин жилийг үдсэн боловч бид монгол бичигтээ орж чадсангүй. Харин олон улсын хамтын ажиллагааны удаа дараагийн төсөл латин бичгийн хөтөлбөр болон зүсээ хувиргаж үргэсэн зээр шиг хулжин одсон билээ. 2005 оноос эхлэн монгол бичгийг ард нийтийн бичиг болгох шийдвэр гарна гэсэн саруул ухаант хүмүүсийн найдвар улиран одоод дахин 9 жил болох гэж байна. 1990 оноос хойш холбогдох яамны 11 тогтоол, Их хурлын 5 тогтоол, Засгийн газрын 8 тогтоол, МУ-ын Ерөнхийлөгчийн 5 орчим хориг, зарлиг гарсан боловч энэ ажил огт тасрахгүй хирнээ, үлгэн салган алдаг онон хэрэгжин, үндэсний бичиг соёлоо гэх сэтгэлгүй түшмэдүүдийн харгаагаар мартагнахын мананд уусан, за-г за биш болгодог, монголын хууль гурав хоноод мартагдахын үлгэрийг яруу тодорхой үзүүлсээр байна.
Улс орноо хөгжүүлэхэд шинжлэх ухаан техникийн дэвшил, шинэ соёл маш чухал нь мэдээж боловч уламжлалт соёл, зан заншил, бичиг үсгээ гээнэ гэдэг улс үндэстэн мөхөхийн шинж болой. Харин орхигдсоныг буюу мартагдсаныг сэргээн бий болгож шинэтэй хослох нь улс үндэстэн мандан бадрахын эхэн юм. Үүнд Изральчууд улс 1948 онд НҮБ-ын олгож өгсөн газар улс гэрээ шинээр байгуулангуутаа 1000 жил хэрэглэхгүй болж,мартагдах шахсан бичиг үсэг, хэлээ дахин сэргээсэн хөгжлийн туршлага харуулж байна. Еврейн библийн үгсийн санд 8000 болж үлдсэн байв. Судалгаанаас үзэхэд аливаа хэлний 1000 үгийн 85 хувь нь ердийн үгээр бүтдэг байна. Еврей хэлний 1000 үгийн 800 үг нь судрын үгс байсан байна. Орчин цагийн 120000 үгсийн сангийн 60000-аас илүү олон үг судрын хэлний үг байна. Үгийн хэлбэрийн хувьд шинэ үг хуучин хоёрын ялгаа мэдэгдэхгүй болсон байна. Янз бүрийн үед зохиогдсон судар номыг судлах замаар одоогийн тэдний хэрэглэж байгаа үгсийн санг бүрэлдүүлжээ. Шимона Бернфельд Еврей хэл болон бичиг үсгийн сэргээсэн тухай хэлэхдээ “Амьд ярианы хэл болно гэдэг миний бодлоор бараг бүтэшгүй зүйл байлаа. Тийм туршлага ч байгаагүй. Хагарсан савыг бүтэн болгож болдоггүйтэйн адил хөгжихөө больж мартагдсан хэлийг сэргээнэ гэдэг бол түүх, утга зохиол, шашны хэлэнд түүхэн чухал үйл явдал болсноос гадна амьд ярианы хэлгүй ард түмэнд ч үлгэр дууриалт явдал болсон юм” гэжээ. Профессор Хайм Рабин “Еврей хэлний хувьд утга зохиолын хэл хийгээд амьд ярианы хэл болно гэдэг миний хувьд үзсэн цорын ганц тохиолдол” хэмээжээ.
Соёл, зан заншил хийгээд хэл, үндэсний бичиг үсэг нь тухайн ард түмний тусгаар тогтнолын билэг тэмдэг болж байдаг. Шашин ч гэсэн ард түмний итгэл бишрэл соёл заншлын олон зүйлийг хадгалж явдгаараа тухайн ард түмний оюун санааны үнэт зүйл болж байдаг. Хэл, бичиг үсэг, соёл, шашнаас нь хүмүүсийг салгаж өөрийн сэтгэхүйд оруулна гэдэг бага хугацаа шаардах зүйл. Европжуулах олон жилийн их аяны эцэст монголоор сэтгэнэ гэдэг бол модон толгойн бодол гэж бодохдоо хүртэл бид өөрчлөгдсөн байна. Бид олон юмаа устгуулсан. 1920-31 онуудад монгол хүний генийн удмын санг хадгалагч алтан ургын удмынхан, элит давхаргынхнаа, 1932-1940 онуудад дорнын 10 ухаанд нэвтэрсэн эрдэмт гэгээн лам хуврагуудаа, монгол урчуудын ур ухаан шингэсэн уран барилгын гайхамшиг дурсгал болсон сүм хийдээ, 1941 онд монгол хэлийг олон зууны турш яруу тансагаар тээж ирсэн, улажлал, хэлний болон ард түмний түүхийг өөртөөлөн авчирсан сонгодог монгол бичгээ, 1952 оноос Монголын ард түмний дэлхийн түүхэнд бүтээсэн, хувь нэмрээ оруулсан үнэн бодит түүхээ, үндэсний ёс заншлаа, аж төрөх ёсоо, 1970-аад оноос сэтгэхүйгээ, монгол хэлээ устгуулж эхэлсэн билээ. 1970-аад оны сүүл үед Их, дээд сургуулийн монгол хэлнийхээс бусад хичээлийг орос хэлээр заалгаж, жилд хоёр удаа хатуу чанд орос хэлний шалгалт авдаг үе байсан билээ. Тэгээд аливаа төрийн ажилд орвол орос хэлгүй бол авдаггүй байсан билээ. Одоо тэр уламжлал давтагдаж англи хэлгүй бол авдаггүй үе ирж байх шиг байна. Оросчлох аян тэр хэвээр үргэлжилсэн бол бид одоо бараг монгол биш болсон байх байсан байхаа. Харин бидэнд аз таарахад өөрчлөн байгуулалт, тэгээд ардчилал хэмээх буянд өөрчлөлтийн ачаар монгол монголоороо байх хувь тавилан маань эргэж ирсэн билээ. Гэхдээ бичиг үсгийн асуудал дээр устгуулчихсан монгол биш сэтгэхүйгээр хандаад байгаа нь харамсалтай.
Бахархмаар сайхан орчин үеийн монгол залуус бас байна. Манай байрны доорхи дэлгүүрийн худалдагч намайг нэг удаа ороход багшаа танд монгол бичгийн сайн сурах бичиг байна уу хэмээн асуухад нь монгол бичиг сурах нь уу гэвэл үгүй ээ би сурах гээгүй, Америкт байдаг хүү маань сурч байгаа юм, монгол бичигтэй ном, сурах бичиг олж явуул гэсэн юм гээд Ц.Дамдинсүрэн багшийн эмхэтгэж, бүтээсэн “Зуун билийгийн дээж”, “Гэсэрийн тууж”, “Замлин Санчины намтар” зэрэг 5 ном үзүүлээд энэ болох болов уу хэмээн асууж байсан билээ. Би баярлахдаа 2 монгол бичгийн сурах бичиг аваачиж өгсөн билээ. Энэ бол монгол бичиг бол монгол хүний мах цусны тасархай, монгол хэлийг өнөд тээж явах өртөөч нь мөн гэдгийн ойлгосны илэрхийлэл юм даа.
Тухайн ард түмний сэтгэлгээ бол эх орон, эрх чөлөөт тусгаар тогтнолын баталгаа болсон түүх, хэл хийгээд хэл бичиг, зан заншил, шашин, соёл, ахуй амьдралын дэг жаяг, байгаль цаг уур, аж төрөх ёстой нягт холбоотой бүхэл бүтэн цогц байдаг. Эдгээрийг мэдэх буюу үзэж судлахгүйгээр юмыг хялбархнаар үгүйсгэн бодох нь ухаант хүний бус харин тэнэг хүний бодол болой. Олон зууны түүхтэй бичиг соёлын дурсгал болох Монгол бичиг маань хуучирч ойлгомжгүй болсондоо бус бидний ухаан мунхарч ойлгохыг хүсэхгүйдээ, ойлгож чадахгүй болсондоо байгаа билээ.
Ухаант улс үндэстэн мартагдаж мөхсөнөө сэргээж маргаашийн ирээдүй рүү түүнийхээ хамт орохоор зүтгэж явахад амьд байгаа бичиг үсгийн соёлоо ад үзэн бусдын үсгээр явна хэмээн зүтгэхийн учир байна уу, үгүй юу? Бид тавиадхан жилийн дотор эх хэлээ төрмөл хэл болгоод түүнээ төрөлх хэл гэж нэрлээд хожим түүнээ эх хэл болгох гэж үйл тамаа үзэж, эрдэнээ илжигээр худалдахын үлгэр болж байна бус уу.
Ер нь монголчууд бид үсэг бичгээ өөрсдөө орхиогүй бөгөөд Коментерн болон ЗХУКН-ын тулган шаардалтаар устгасан билээ. Октябрын хувьсгалын дараа Зөвлөлт засаг өөрийн харьяанд байгаа бусад жижиг үндэстнүүдийн дунд 1920 оноос 1940 он хүртэл явуулсан бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах, латин үсэг хэрэглүүлэх гэсэн улс төрийн бодлогыг оросоор “латинизация” хэмээн нэрлэж байв. Монголоор латинчлалт, латинчлах хөдөлгөөн гэж нэрлэхэд болох юм. Энэ хөдөлгөөн 1920-иод оны эхэнд Зөвлөлт Холбоот Улсын Азербайджанаас эхэлжээ. 1926 онд Азербайджаны Баку хотод Тюрк туургатны их хурал болсон билээ. Орост суугаа тюрк хэлтэй үндэстнүүдээс гадна Турк улсаас төлөөлөгчид ирж оролцсон байна. Энэ хуралд ярилцсан гол сэдэвийн нэг нь бичиг үсгийг латинчлах тухай байлаа. Оролцогчидын бараг ихэнх нь бичиг үсгийг латинчлах санааг дэмжсэн байна. Иймэрхүү байдлаар хурлын эцэст тюрк хэлтэй бүх хүмүүсийн бичиг үсгийг латинчлах хэрэгтэй гэдэг шийдвэр гаргажээ. Ийнхүү Латинчлал Азербайджанаас эхлээд бүх Тюрк туургатны хөдөлгөөн болон өрнөж, 1929 онд Москва түүнийг хүлээн авч улс даяар араб үсэг хэрэглэж байгаа болон бусад үсэг хэрэглэж байгаа Абхаз, Авар, Буриад, Дунган, Ингуш, Казак, Киргиз, Хятад, Халимаг, Курд, Молдав, Уйгар, Узбек, Чукча, Эвэнк, Эскимо зэрэг монгол , халимаг, буриадыг багтаасан 66 үндэстнүүдийн бичиг үсгийг латинчлахаар шийджээ. Энэ хөдөлгөөн 1930-аад он болж ирэхэд Зөвлөлт Холбоот Улст байгаа бараг бүх үндэстэнийг хамаарсан өргөн хүрээтэй бодлого болсон билээ. Латинчлах хөдөлгөөний тэр давалгаа Буриад, Халимаг, Монгол зэрэг монгол туургатанд 1928-1929 оны үед анх хүрчээ. 1931 оны 1-р сард Москвад “Монгол туургатны хэл бичгийн асуудлууд” гэдэг сэдэвтэй хурал нээгдэж Буриад, Халимаг, Монгол болон Оросын эрдэмтэд оролцож бичиг үсэг, цагаан толгой, нэр томъёог нэгтгэх асуудал ярилцжээ. Хэдийгээр А.Амар ерөнхий сайд болоод 1932 онд энэ хөдөлгөөнийг зогсоосон боловч 1940-өөд онд дахин амилж босч ирсэн юм.
1941 оны 2-р сарын 21-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтран хуралдсан XVII/XIII хурлаар шинэ боловсруулсан латин үсгийн төлөвлөгөөний тухай комиссын дарга Ю.Цэдэнбалын илтгэлийг сонсчээ. Хуралд бас нам, төрийн олон байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. Хурлаас гаргасан тогтоолд комиссын ирүүлсэн латин үсгийн цагаан толгойн 29 үсэг нь манай дуу авиаг тэмдэглэхэд хүрэлцэх ба тохирох тул батлахаар заагаад урт болон балархай эгшгийг тэмдэглэх зарчмыг тогтоож, зөв бичих дүрэм боловсруулж гаргахын наана 1941 оны 3-р сарын 20-оос өмнө түр дүрэм боловсруулахыг ШУХ-нд даалгажээ. Тогтоолд Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан нар гарын үсэг зуржээ. Хот, хөдөөд латин үсэг сургах их ажлыг эхлүүлэв.
Гэтэл ганцхан сарын дараа 1941 оны 3-р сарын 25-ны өдөр Намын Төв Хорооны Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтарсан XV/XVIII хурал болж, латин үсгээ больж, орос /кирилл/ үсэг авах нь зүйтэй гэсэн илтгэлийг Ю.Цэдэнбал тавьж хэлэлцүүлэн батлуулжээ. Тус хурлын тогтоолд “Монгол үсгийн латинчлахад мөнхүү латин үсэгт монгол хэлэнд хэрэглэх тэмдэг дутагдалтай ба мөн хэвлэлийн талын бэрхшээл тохиолдож байна. Мөн тус орны соёл боловсролын цаашдын хөгжилт нь гагцхүү ЗХУ-ын ард түмэнтэй ахан дүүсийн холбоо байгуулж түүний бэлхэн соёлыг эзэмших замаар явах болно. Манай эрх чөлөөгөө олсон ард түмэнд чухам хэрэглэгдэх бүхий л хувьсгалын зохиол бичиг орос хэл дээр хэвлэгддэг ба монгол ард улсын бүхий л аж ахуйн салбаруудад хэрэглэгдэх үндэсний хүчнийг төлөв ЗХУ-д явуулж боловсруулдаг байна” гэж тэмдэглээд монгол бичгийг орос үсэг дээр шилжүүлэн авахыг нийтэд зарлан хэрэгжүүлэх, латин үсэг заах явдлыг зогсоох, нэг сарын дотор орос үсэг дээр үндэслэсэн монгол шинэ бичгийн эцсийн төлөвлөгөөг боловсруулж, Намын Төв Хорооны Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хуралд оруулан батлуулахыг Ю.Цэдэнбал тэргүүтэй комисст даалгаж, латин үсгийн талаар урьд гаргасан тогтоолыг хүчингүй болгожээ. Ингэж латин үсэгт шилжих хөдөлгөөн бүрмөсөн зогсов. Латин, кирил үсэг шилжих энэ хөдөлгөөнүүд бол хэт хувьсгалт өөрчлөлтийн давалгаан ядуу буурай монгол орныг дайрч үндэсний соёл боловсролын олон сайхан зүйлийг устгахын эхэн болсон юм. Мянган жилийн түүхтэй монгол бичгээ гээж орос үсэгт орсоноор Монголын ард түмнийг бичиг үсэгтэн болгож гавьяа байгуулан ЮНЕСКО-гийн шагнал хүртэж байсан боловч хэлний соёл доройтож, монгол хэл эрлийзжих зам руу орохын эхэн болсон билээ. 1951 оноос бүх хэвлэл сонин, төрийн албан хэрэг, бүх сургалт кириллээр явж байгаа хэдий боловч хэлэндээ зохицсон хэл зүйн цэгцтэй дүрэм одоо болтол боловсроогүй байна. Дэлхий ертөнцөд өөрийн бичиг үсгийг зохион хэрэглэж байсан болон байгаа 16 улс орон байдаг байна. Үүнд: Египет, Хятад, Грек, Израил, Итали, Энэтхэг, Армени, Шри-Ланка, Араб үндэстнүүд, Монгол, Мянмар, Лаос, Камбодж, Тайланд, Япон, Солонгос улс болой. Энэ олон улс орон дундаас Монгол л бараг ганцаараа олон зууны түүхтэй өөрийн бичиг үсгээ гээчихээд бичиг үсгийн хямрал дэгдээдэг латинчлах мэтийн хөдөлгөөнийг 2003 онд дахин шүүрч авахыг завдах зэргээр гаднын хатгалгад дандаа өртөж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы ард түмнийг латинчлах тулгалт хийхэд парламентаараа хэлэлцээд энэ асуудлыг зогсоосон билээ. Мөн 60-аад онд Солонгосын ард түмнийг латинчлах тулгалт хийхэд эртэмтэдээрээ өргөн хэлэлцүүлэг хийгээд энэ асуудлыг бас няцаасан юм. Ийнхүү Азын орнуудад болсон тулгалт манайд бас ирж асуудлыг хөндсөн боловч ухаалаг эрдэмдэд, алсын хараатай төрийн түшээдийн ачаар бичиг үсгийн гүн хямрал дахин дэгдэхээс Монголын ард түмнийг аварсан билээ.
Байгаа юмыг өөчлөн муучилж, сөнөөн устгах гэдэг туйлын хялбар хэрэг билээ. Байхгүй болсон буюу болгосон зүйлийг сэргээн бий болгох гэдэг маш хүнд хүчир бөгөөд асар их хөдөлмөр зардаг үйл явдал юм. Би Монгол хүн гэж цээж дэлдэж л байгаа бол тэр хүнийг бүхнээс илүү илэрхийлэгч хэл, бичиг соёл, зан заншил, түүх соёлоо бүхнээс илүү мэдэж, хадгалж, хамгаалагч байх ёстой юм. Энд тэнд явахад би монгол хүн гэсэн мөртлөө ганц ч монгол үг мэдэхгүй хүн тааралдахад азийнхны царай адил юм чинь хэн мэдлээ л гэж бодогдоно. Бид хэл, соёлынхоо төлөө анхаарал тавьж явахгүй бол их ч удахгүй хэдэн зууны дараа тэдэн шиг болж хичнээн ч би монгол хүн гэж цээжээ дэлдээд хэн биднийг үнэмших юм бэ? Үндэсний бичиг, яруу сайхан монгол хэлтэйгээ байсан цагт бид энэ ертөнцөд мөнхөд орших болно. Монгол бичигтэй хүний сэтгэхүй, үг яриа цэгцтэй, маш сайхан бичгийн хэлний найруулгатай байдаг нь энэ бичиг хэл, соёлоо тээж явдагийн баталгаа юм. Үндэстэн байгаа цагт үндэсний бичиг үсэг болон хэл байсаар байх болно. Нөгөөтэйгүүр Монгол хэл болоод монгол хэлний нийгмийн үүргийг дээшлүүлэхэд төр засаг олигтой анхаарахгүй, засгийн газрын бүрэлдхүүнд орж төсөв мөнгө хүртээд монгол хэлний талаар нийгмийн өмнө албан ёсны үүрэг хүлээсэн байгууллагууд юу ч хийхгүй, заримдаа сөрөг байр суурь баримталж монгол хэлний өдгөөгийн байдлыг шүүн хэлэлцсэн хүнийг ил далд элдэвлэн гутаахад хүрч байна. Дэлхийн улс орнууд бичиг үсгээ бидэн шиг яагаад засахгүй байна вэ? Учир нь хэлний нэгдэлээ, үндэстний нэгдэлээ задлахгүй устгахгүйн төлөө шүү дээ. Монгол соёлын амин зүрх бол монгол хэл, монгол бичиг нь юм. Монгол хэл мөхвөл монгол соёл мөхнө. Монгол соёл мөхвөл монгол үндэстэн мөхнө. “Төр улс үндэсний дархлаа болох монгол хэлийг хамгаалж, хөгжүүлж байхгүй бол монгол гарвал нь байсаар байтал, Монгол улс байсаар атал монголоор ярьдаг хүнгүй болох цагт монгол үндэстэн сөнөнө гэдгийг давтан хэлмээр байна.” Тийм болохоор монгол хэл бол монголын ард түмний сэтгэхүй, нийгэм, уламжлал, түүх, соёлтой шууд холбоотой амин чухал сүнс нь юм.
Хятад, Орос хоёр улсад суугаа монголчуудын хэл соёл улам бүр уруудан доройтож, эгзэгтэй байдалд орж байгаа үед Монгол улсын гүйцэтгэх үүрэг улам ихээр дээшлэх ёстой. Монгол улс нь олон зууны түүхтэй Монголын эзэнт улсын өвийг залгамжлан авсан цорын ганц улс орны хувьд бүх монгол туургатаны түүхийг хадгалан тэмдэглэж хойчийн үедээ уламжлуулах хариуцлагатай үүргийг хүлээх ёстой. Ингэх юм бол халхыг төв болгон үзэх нутгархаг үзэл нь арилж бусад улс орны монголчуудын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бодит байдлаар нь үнэлэх боломж бүрэлдэж, хэл, соёл, түүхийн нэгдэл бий болон монгол хэл нийт монголчуудын дундын гүүр хийгээд бахархал болон цэцэглэн хөгжих болно. Буриад, Халимагт монгол бичгийг огт хэрэглэхгүй болж, Өвөрмонголчууд монголоор ярьж, монгол бичгээрээ бичиж байгаа боловч 50 жилийн дараа гэхэд тийм хүн олоход бэрх байх магадлал өндөр байна. Өвөрмонголын монгол сургалттай бага, дунд сургуулиас одоогийн байдлаар гарын 5 хуруунд багтахаар болж үлдсэн бөгөөд өвөрмонголчууд хятад сургалт руу хушуурч байна хэмээн нэг өвөрмонгол шавь маань халаглан хэлж байсан билээ. Тэгээд ч нийгмийн орчин нь орос болон хятад хэлтэй байхыг аяндаа шаардаж, том гүрний доторхи жижиг хэлийг уусгах харгис орчин аяндаа бий болж байна. Тэгэхээр хэлний дархлаагаа авч явдаг монгол бичгийг ирээдүй хойч үедээ хүргэх, мөнхөд өртөөлөн авч явах үүрэг гагцхан тусгаар тогтносон Монгол улсын иргэд бидэнд л зөвхөн ноогдож байгаа юм. Тэгэхгүй энэ чигээрээ кирил бичигтэй яваад байвал 100 жилийн дараа кирилээр бичсэн олон хөшөө дурсгалыг хараад манай бичгээр бичсэн байна, манай нутаг биш үү хэмээн оросууд хэлж магадгүй л юм. Хэдэн жилийн өмнө Туркийн ерөнхий сайд манай улсад айлчилж, Архангай аймгийн Хашаат сумын нутагт байх Түрэгийн Билгээ хааны бичигт хөшөөг үзээд “Манай өвөг дээдсийн хэрэглэж байсан руни бичгээр бичсэн байна. Манай өвөг дээдсийн юм болохоор бидэнд өгчих” хэмээн шалж байснаас дээрх санаа үүдсэн билээ.
Бид өнгөрсөн үеэ гар буугаар буудваас ирээдүй үе маань биднийг үхэр буугаар буудах болно. Шудрага журамт монгол хүн болж төрсөний хувьд бид бүхэн за гэж хэлсэн бол за-гаар ажил хэргээ дуусгаж, энэ үг бол тангараг юм шүү гэдгийг ямагт санаж явууштай байна.

2 Comments

  1. Сайн байна уу?дөрвөлжин бичгээр тоо бичих хэрэгтэй байна хаанаас яаж бичих вэ 1-10 хүртэлх тоонууд хэрэгтэй байна

Leave a Comment