Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф

Mongolische Schrift Kultur, Kalligrafie und Geschichte
21. Januar 2018
Show all

Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф

„Хэлсэн үг хийснэ
Бичсэн үг үлдэнэ“

гэж калиграфч, яруу найрагч Мэнд- Ооёо гуайн хэлсэнчлэн
Монгол бичиг маань бидний түүх, соёл иргэншил, ёс заншил оюун сэтгэлийн гайхамшигт өв дурсгал болох бөгөөд хүмүүн төрөлхтөний утга соёлын салбарт байр сууриа хадгалан үлджээ.
Манай өвөг дээдэс ямар их бичиг үсгийн соёлтой байсан болох мөн түүнийгээ хичнээн удаан хадгалан бидний эрин үеийг хүртэл өвлөж авч ирснийг ном судараас гадна, хад чулуун дээр сийлэн үлдээсэн бичлэг, зургуудаас мөн тамга тэмдэг захидал дээрээс харж болно.

Монгол оронд маань Ховд аймгийн Хойд цэнхэрийн агуй, Өвөрхангай аймаг дахь Тэвш уул, Баянхонгор аймгийн Бичигтийн ам хад, Говь-Алтай аймгийн Цагаан гол гэх мэтчилэн хадан дээр сийлсэн дүрс зурагтай газар элбэг байдаг.
Эдгээр дурсгалууд нь бидний одоо хэрэглэж байгаа бичиг шиг системтэй дэс дараатайгаар үйл явдлыг дүрслээгүй ч гэсэн эртний хүмүүсийн аж амьдрал, оюун сэтгэлгээний төлөв байдлыг өнөөгийн бидэнд дүрслэн хүүрнэж буй чулуун ном буюу гайхамшигт зурган бичиг гэж хэлж болно.
Иймээс ч монголын түүхийн хамгийн эртний бичиг соёлын үнэт дурсгал болж үлдэж МЭӨ үеийн түүхийг бидэнд „тэр үеийн хүмүүс ан хийдэг байжээ“, „монгол орны нутаг дээр арслан заанаас эхлээд тэмээн хяруул хүртэл амьдарч байжээ“ гэдгийг өгүүлжээ.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Их баян уулын Бичигтийн ам
Бичигтийн ам сүг зураг

Баян-Өлгий аймгийн Бага Ойгор хадны дүрс зураг

Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгорт дунд болон хойд Азид хамгийн томд орох хадны зураг дүрслэл болох бөгөөд 1996-аас 2001 Монгол Америк Оросын хамтарсан судалгааны Алтай төслөөр 100000 хадны дүрс зургийг илрүүлжээ.
Баян-Өлгий аймгийн Бага Ойгор хадны зураг
Ховд аймаг, Хойд Цэнхэрийн агуй

Хөх түрэгийн бичиг буюу Руни бичиг

МЭӨ 3-р зуунд монголд эртний нүүдэлчин овог аймаг болох Хүннү, Дунху нар амьдарч байсан бөгөөд , Хүннү нар бичиг үсэгтэй байсан нь түүхийн баримт бичгээс нотлогдсон ажээ.
Энэ бичиг нь МЭ 500-гаад оны үед монголын газар нутаг дээр амьдарч байсан жужанаар дамжин Түрэг үндэстэнд уламжлан очсон байж болох Руни бичиг гэж судлаачид үздэг байна.
Төв аймгийн Баян суманд орших Түрэгийн хаант улсын зөвлөх байсан гэх мэргэн Тоньюкукын хөшөөг Руни бичгээр бичин үлдээжээ. Гэрэлт  хөшөөний  бичээсэнд  Тоньюкук   өөрөө  Нанхиадын  эрхэнд  хүмүүжсэн, түүний  мөрөөдөл  нь  тусгаар  Түрэг  улс  хаантай  болоход  байсан  бөгөөд  удалгүй хаантай  болсон ч эргээд Нанхиадын  эрхшээлд  орсон,  аливаа  зүйлийг  хийхэд  хатан зориг,  баатарлаг  үйлс  хэрэгтэй  зэргийг  дурдсан  байдаг ажээ.

Мэргэн Тоньюүкийн хѳшѳѳний бичиг
Д.Баатар гуай Монгол нутагт босгосон Түрэгт харьялагдах чулуун хөшөөний бичгийн тухай „Хөх Түрүгийн Бичиг“ нэртэй ном хэвлүүлсэн байна.

Тоньюкукын хөшөөний Руни бичиг

Кидан бичиг

10-р зуунд Монголчуудтай угсаа гарал нэгтэй нүүдэлчин ард түмэн байсан Киданчууд өөрсдийн эзэнт гүрнийг байгуулжээ. Киданд 2 төрлийн бичиг үсэг байсан ба Хятадын дүрс үсэгт үндэслэсэн их бичиг ба уйгар үсэгт үндэслэсэн бага бичигний аль алийг нь хэрэглэж байв.

Бага Кидан үсгээр бичигдсэн загасан зүүлт

Их Кидан үсгээр бичигдсэн бунхны бичээс

Энэ 2 төрлийн бичиг нь уран зохиолын хөгжилд их түлхэц болсон ба бичихээс гадна судар орчуулах, шүлэг зохиох зэрэг нь өргөн хүрээнд явагдаж байсан бөгөөд мөн өдрийн тэмдэглэл болон аян замын тэмдэглэлийг бичиж ном хийж хөрш орнуудтайгаа ч солилцдог байсан байна.

Монгол бичиг

XIII зуунд Чингис хаан Монголын олон тархай бутархай аймгуудыг нэгтгэж их монгол улсыг байгуулсан нь монгол хэл, монгол бичиг үсгийн хөгжих гол үндэс болжээ.
1205 онд Чингис хаан Найманы Таян хааны бичгийн сайд Тататунгааг олзлон авснаар уйгар монгол бичгийг авч хэрэглэсэн гэж олон бичиг баримтад дурдсан байдаг боловч зарим эрдэмтэд XIII зууны монгол бичгийн хэл хэдийн бүрэн боловсорсон зөв бичих зүйтэй хэл байсныг нотолж, монгол бичгийг монголын эзэнт гүрэн байгуулагдахаас олон зууны тэртээ монгол нутагт улс гүрнээ байгуулж байсан монгол аймгууд хэрэглэж ирсэн гэжээ.

Согд бичиг

Монголчууд согд, сири, армай гаралтай уйгар бичгийг 800-1100 оны хооронд хэрэглэж эхэлсэн байж болох ба Чингис хаан болон түүнийг залгамжлагчид энэ нандин өвийг өвлөн авч цааш нь улам хөгжүүлжээ.
Согд бичиг монгол бичгийн дүрстэй маш төстэй харагдаж байгаа нь уйгар бичиг болон монгол бичиг энэ бичгээс гаралтайг илтгэж болохуй .

Sogd bichig
XI зууны сири бичгээр бичсэн ном
Siri bichig
Хуучин уйгар бичиг
Хуучин уйгар бичиг
Чингис хааны чулууны бичиг

Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг нь Чингис хааны чулууны бичээс юм.
Энэхүү гэрэлт хөшөөг 1818 онд судлаач Г.И.Спасский Хархираа голын хавиас анх олсноо мэдээлж, дараа нь уг хөшөөг 1832 онд Петербург хотод аваачжээ.

Чингисийн чулууны бичиг

Хадан дээр: „Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамиг монггол улус-ун арад-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун гурбан загуда гучин табун алда-дур онтудалу-га“
„Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож байхдаа хамаг монгол улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүхэй 335 алдыг онолоо“ гэж бичсэн ажээ.
Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1220-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл, ойролцоогоор 536 метр харважээ гэж үзжээ.

Чингис Хааны алтан гэрэгэ

Хэрэв та энэ тухай сонирхож буй бол эндээс „Чингис хааны алтан гэрэгэ Япон улсаас олдлоо“ уншина уу.

Монголын нууц товчоо

Монголын нууц товчоог Чингис хааныг нас барсны дараа 1227 оны үед Өгөөдэй хааны даалгавраар бичигдсэн гэж үздэг бөгөөд монгол бичгээр бичсэн эх нь олдоогүй. Xанз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан 1410 оны үед барлаж хэвлэсэн
Монголын нууц товчоо
Мин улсын үеийн эх бичиг нь эдүгээгийн нууц товчооны үндэс болсон.
Зураач Э.Отгонбаяр Монголын нууц товчоог Монгол зургийн аргаар бүтээн гадаад дотоодод олны хүртээл болгоод байна.

Алтан товч

„Алтан товч“ -ыг 1651 онд XVII зууны эхэн үеийн түүхч лам Лувсанданзан зохиожээ. Энэ номонд Чингис хаанаас Лигдэн хааны хүртэлx XIII-XVIII зууны үеийн Монголын түүхийг бичсэн байдаг бөгөөд „Монголын нууц товчоо“-ны монгол үсгээр үйлдэгдсэн нэг эх нь гэж тооцогддог.

Altan tovch
Гүюг хааны тамга

Их Монгол улсын Гүюг хаан 1246 оны 11 сарын 4-нд Ромын пап Инносонд илгээсэн албан бичгээ перс хэлдээр бичиж харин монгол бичгээр бичсэн тамга даран явуулжээ. Энэ захидалдаа Гүюг хаан Ромын папын өөрийнхөө шашинд оруулах гэсэн хүслийг ойлгохгүй байгаа болоод эзэлж авсан Мажарын нутгаас явахгүй, мөн папыг биеэрээ ирж хаанд өөрт нь хүндэтгэл үзүүлэхээс нааш хоёр улсын хооронд эв найрамдалтай харьцаа тогтоно гэдэгт эргэлзэж байгаагаа бичжээ.

Тамганд төрийн сүр хүчийг илтгэж монгол бичгийн цагаан толгойн 19 үсгийг оруулж чадсан байдаг ба монгол бичгээр доорхи үгийг бичжээ.

Гүюг хааны тамга

Мөнх тэнгэрийн хүчин дор
их Монгол улсын далай хааны
зарлиг ил болга (харь орны иргэн) иргэн дор хүрвээс
биширтүгэй, аюутугай Source:wikipedia

1289 онд Аргун хааны Францын IV Филип хаанд бичсэн захидал

Ил хаан гэгдэх Аргун нь 1284 – 1291 оны хооронд Монголын Эзэнт Гүрний нэг хэсэг Ил Хан улсын дөрөвдэх хаан байв.
Ил хан улс нь XIII-XIV зууны үеийн Монголын Эзэнт Гүрний доторхи дөрвөн ханлигийн нэг байжээ.

Аргун хааны Францын IV Филип хаанд бичсэн захидал

Захидалд:

„Мөнх тэнгэрийн хүчин(д) дор
хааны суу дор
Аргуны үг.
Францын хаанд!
Ноднин чиний Мар Бар Савма Сахура тэргүүтэй элчээр „Илхааны цэргүүд Мисирийн зүг мордвол бид бас амдан мордож хамсъя“ гэж өчин илгээснийг чинь зөвшөөрч
тэнгэрт залбирч барс жилийн өвлийн адаг сард мордож хаврын тэргүүн сарын арван таванд Дамаскт бууна хэмээв .
Эдүүгээ үнэн үгтээ хүрч цэргүүдээ болзсон цагтаа илгээж
тэнгэрийн мөр угтаж тэд иргэдийг авбаас бид Ирусалемыг танд өгье.
Хэм болзол хождож цэргүүдээ явуулаад зохихгүй. Хожим гэмшивч тусгүй.
Бас аливаа хэл нэмэн элчээрээ яаралтай явуулан тансаг эд, шонхор шувууд, франкуудын газрын элдэв өнгөтөн чулуу өгч илгээвээс хэрхэн соёрхохыг тэнгэрийн хүч хааны суу мэдтүгэй хэмээн Мускерил юлдэчийг илгээв. Бичигийг үхэр жил зуны тэргүүн сарын зургаан хуучдад Хөндлөнд байхдаа бичив.“
хэмээн өгүүлжээ.

Илхаадын зоосон дээрх монгол бичээс

Ил хаан улсын үед хаан төр барьсан 17 хааны 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан нь батлагджээ. Энэ зоосны бичгийг Бадарчийн Нямаа гуай тайлан уншиж Монгол улсын өнө эртний түүх соёлын нандин дурсгал хадгалж хамгаалахад зохих хувь нэмэрээ оруулжээ. Доорхи зоосон дээр „ХАГААН НУ НЭРЭБЭРАРГУН НУДЭЛЭТГЭЛҮЛИСЭН АРИГУ “ шинэ хэллэгт буулгавал “Хааны нэрээр Аргуны дэлдүүлсэн ариун” гэж бичсэн ба зоосны дээд хэсэгт хөндлөнгөөр “АЛТАН” гэж бичсэн байх ба “Л” үсгийн гэзгийг гээгдүүлсэн алдаа гаргажээ.

Илхаадын зоосон дээрх монгол бичээс

Нямаа гуайн үзэж байгаагаар „13-р зууны монгол зоосыг урлаж байсан жирийн дархчуудыг бичиг үсэгт нэвтэрхий байсан гэж хэлэхэд хэцүү бөгөөд тэд ихэвчлэн монгол биш хүмүүс байсан тул монгол үг төдийгүй араб, перс үгийг ч алдаатай бичсэн явдал олон байдаг“ ажээ.

Дөрвөлжин бичиг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Дөрвөлжин бичиг нь Хубилай (1215-1294) хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.
Эл бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал монголын их Юань гүрний хэмжээнд албан ёсны төрийн бичиг болж 100 гаруй жил буюу Хубилай хааны байгуулсан их Юань гүрнийг мөхтөл (1368) хэрэглэгдэж байжээ.
Дөрвөлжин үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ монгол туургатнуудын дунд түгээмэл дэлгэрч чадсангүй.
Тэгэвч дөрвөлжин бичиг Монголчуудын нэгэн үеийн түүх, соёлын хэрэгцээнд үйлчилсэн өвөрмөц нэгэн үсэг бичиг мөн тул монгол үндэстний бахархал, монгол туургатны соёлын нэгэн нандин өв юм.
1345 оны Juyongguan дээрх дөрвөлжин үсгээр бичигдсэн дурсгал
Дөрвөлжин бичгийн үсгүүд
Хубилай хааны үеийн пайз буюу тэр үеийн гадаад паспорт.
Марко Поло Монголоос нутагтаа буцахдаа ийм пайзтай очжээ.

Хубилай хааны үеийн пайз


Пайзан дээр дөрвөлжин бичгээр:
„Мөнх тэнгэрийн хүчин дор
Хааны зарлигийг эс хүндэлвээс
буруутай“ гэж бичсэн ажээ.

Дөрвөлжин бичгийн тухай тодорхой мэдээллийг http://www.omniglot.com/writing/phagspa.htm -ээс үзээрэй.

Үргэлжлэл бий : Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф II